Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийслэл, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд аймгийн “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийг тохижуулахад зориулж нийт 73.5 мянган ам.долларын үнийн дүн бүхий тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
Тоног төхөөрөмжид төслийн хүрээнд боловсруулсан гамшгийн эрсдэлийн зураглалыг харуулсан 3D газрын зураг, гал түймрийн утаа тархалтыг харуулсан үзүүлэн, сургалтын зориулалттай виртуал гал унтраах төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийн үзүүлэх ширээ, дотоод зарлан мэдээллийн систем, өрхийн яаралтай тусламжийн багц болон бусад тоног төхөөрөмж багтсан юм. Тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг төслийн багаас аймгуудад хуваарийн дагуу гүйцэтгэнэ.
Ингэснээр иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулах, үндэсний болон аймгийн хэмжээний гамшгийн эрсдэлийн зураглалтай танилцах, өөрийн оршин байгаа нутгийн гамшгийн эрсдэлийг ойлгох чадварт суралцах юм.
Дашрамд дурдахад, тус төслөөс Дотоод хэргийн их сургуульд КОХА цахим номын сангийн системийг хүлээлгэн өгч оюутан, сурагчдын бүтээл болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, хэвлэлүүд цахимаар байршиж номын санч, оюутан, багш нарт цахим номын сангийн нөөц, бичиг баримтыг тухтай ашиглах нөхцлийг бүрдүүлсэн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.