Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар -3 …-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төв Хоолны гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 06:29 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Мишээл-Экспо” худалдааны төвийн “Фүүд Стрийт” хоолны гудамжинд 3200 м/кв хэмжээтэй, хоолны 4 газар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гэр шоп” цайны газрын хажууд /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвд Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход жонш тээвэрлэж явсан “Норд Бенз-НД4190” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км, Ханбогд сумаас баруун урд зүгт 60 км/-т нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид очиж Ханбогд сумаас баруун урд зүгт 60 км/-т “Таван толгой” ХХК-иас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан “Шанси-SX4255JU344” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 09:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5×10 метрийн хэмжээтэй тэжээвэр амьтан тэжээдэг байр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн 1 дүгээр хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн ‘Соната-6’ загварын суудлын автомашин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хэрлэн хорооллын 4 дүгээр гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Богийн гашуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 28 км, Замын-Үүд сумаас хойд зүгт 108 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд 26 тн барилгын материал тээвэрлэж явсан иргэн Ц-ын эзэмшлийн “Фавжи-6” загварын ачааны автомашины бүхээг, чиргүүлийн арын хэсэг дугуй шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 4 ханатай гэр, дотор нь хураалттай байсан 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 65 км/-т11.04-ний өдөр 8 хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 11.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.10-ны өдрийн 08:00 цагаас 18:40 цаг хүртэл зохион байгуулсан. 11.10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүцийн зүүн салаа” гэдэг газраас зүүн хойд зүгт “Жимстэй“ гэдэг газар хүртэл 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд 11.11-ний өдөр 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул худалдааны төв”-ийн хойд хаалганы дэргэд 15 дугаар байр 4 дүгээр давхраас хүн үсрэх гээд байна дуудлагыг 11.10-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Ч /30 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлож онгойлгохгүй байсныг 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top