Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалт Баруун бүсийн төв-Ховд аймагт болж байна.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн ОБГ-ын удирдлага болон эрсдэлийн мэргэжилтнүүд, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Гамшгийн эрсдэлийг төлөвлөх чиглэлд гадны улс орнуудын тэргүүн туршлагуудыг хуваалцах, баруун аймгуудад хийсэн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, бууруулах арга замуудын талаар сургалтаар мэдээлэл солилцож байна.
Ингэснээр орон нутагт учирч болох гамшгийн эрсдэлд үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд бодитой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэнэ Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.