Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас БХЯ, БСШУЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцагч, дэмжигч байгууллагуудтай хамтран “Бидний бахархал” төслийг орон даяар өрнүүлж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ, Цэргийн штаб, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, “Монгол хурандаа” нийгэмлэгтэй хамтран маргааш буюу энэ сарын 18-нд Багахангай дүүрэгт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний үеэр Онцгой байдлын байгууллагын албаны музейн үзмэр дэлгэгдэж, ЦДБЭЧ болон ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр”, НОБГ-ын “Хангарди” хамтлагууд ая дуугаа өргөнө.
“Бидний бахархал” төсөл нь Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах ухамсартай, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгосон эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.