Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10-15 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4+9 градус дулаан, бусад нутгаар -1+4 градус байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 18-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-ны өдөр нутгийн зарим газраар,  19-ний өдөр говь, талын нутгаар 15-17 м/с, 20-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 21-ний өдөр Алтайн салбар уулсаар 12-14 м/с ширүүснэ. 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28-33 градус, өдөртөө -16-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +1-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -5-10 градус байна. 20-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Өвөр хуурайн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс баруун зүгт 5 км-т суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б-ийн “Сай” загварын суудлын автомашин шатаж байсаныг ажиллаж унтраасан тухай мэдээллийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг дахь УБТЗ-ын “Замын-Үүд 2” өртөө Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байна гэсэн дуудлагыг 11.16-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрс тээвэрлэж явсан вагон дахь нүүрс уугьж байсныг 22 минут ажиллаж аюулгүй болгосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байр хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй цайны газрын эд хогшил, 8х8 метрийн хэмжээтэй 6 нэрийн хүнсний дэлгүүрийн хана таазны хэсэг, 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.        

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top