Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас ахлагч бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Шилдэг ахлагч-2022” мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 20 гаруй алба хаагч оролцож, онолын мэдлэгийн тест, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив биелүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөх, хүн нэг бүрийн байлдааны тархалт, гурав сунадаг шат, довтолгооны шатанд гүйх, ойрын зайн саадтай гүйлт, ачаа татах, эмнэлгийн анхны тусламж гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч-химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Г.Нямсүрэн, гутгаар байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, дэд ахлагч Б.Цэрэнбалдан нар шалгарлаа.
Түүнчлэн тусгай байрт Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч П.Отгонбаяр, Эрэн хайх, аврах салбарын нохой хөтлөгч, ахлагч Ц.Алтансүх, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Үнэнбат нар шалгарч, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, гарын бэлгээр шагнууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.