Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар,Төв, Увс, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газрааар цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дундговь аймгийн Өндөршил сумын Бөхт баг, Нэгдлийн хашаа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвд/ Хураалттай өвс 11.18-ны өдрийн 13:20 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 11.18-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэдийг очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 12х28 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай байсан орон нутгийн нөөцийн 4 тн өвс шатаж байсныг 04:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Шархад дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 10:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3×6 метрийн хэмжээтэй түлш борлуулах цэгийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-Эх гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Янжийн-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 7 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х3 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай 2 гэр шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/-т 11.18-ны өдрийн 22:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хөгшчүүл гэдэг газар /Багануур дүүргээс хойд зүгт 31 км/-т 11.18-ны өдрийн 19:00 цагийн орчим суудлын автомашинтай 2 иргэн Багануур дүүрэг рүү явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Мөнгөнморьт сумаас  Багануур дүүргийн чиглэлд иргэн Д /70 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан Пробокс загварын суудлын автомашинд гэмтэл гарж асахгүй байсан тул тухайн газар нь орхиж, иргэдийг ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим баг, “Мөстийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.18-ны өдрийн17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид 20 км зам туулан очиход иргэн Г-ийн “Ниссан ванетти” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллан татан гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн “Хүйтний онгорхой” гэдэг газар суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход тус дүүргийн харьяат иргэн М-ын жолоодож явсан “Тоёота Ист” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн голын гүүр гэдэг газар /Багануур дүүргээс зүүн зүгт 20 км/-т суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М/35 настай, эрэгтэй/ -ийн жолоодож явсан “Приус-30” загварын суудлын автомашин цасанд сууж, шатахуун дууссан байсан тул иргэдийг тээвэрлэн Багануур дүүрэгт авчирч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын уулзварт суудлын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн С /37 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ниссан-Эдван” загварын суудлын автомашинтай /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Голомт цогцолбор сургууль 10 дугаар ангийн 5 сурагч 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим хордсон гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний Аврах бригадын химийн бүлгийн алба хаагчид очиж, хичээлийн танхим, болон агуулахад хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй. Тус Хөгжлийн төвд хичээллэж байсан 20 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс 13 хүүхэд эмнэлгээс гарч, 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top