Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн банкнаас Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалт Зүүн бүсийн төв-Дорнод аймагт эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, Дорнод аймгийн “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.
Тоног төхөөрөмжинд төслийн хүрээнд боловсруулсан гамшгийн эрсдэлийн зураглал харуулсан 3D газрын зураг, гал түймрийн утаа тархалтыг харуулсан үзүүлэн, сургалтын зориулалттай виртуал гал унтраах төхөөрөмж, дотоод зарлан мэдээллийн систем, өрхийн яаралтай тусламжийн багц болон бусад тоног төхөөрөмж багтсан.
Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
Сургалтаар төслийн хүрээнд орон нутгийн түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ, мэдээлэл өгөх гэсэн чиглэлээр сургалт явагдана.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын туршлага, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.