Сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

D5C0543D-ED5B-48C3-A806-B9022758A369.jpeg

Монгол Улсын хэмжээнд 2015-2021 онд жилд дунджаар 4400 гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож 210 гаруй хүн амь насаа алдаж, нийт 394,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас  учирсан хохирлыг тооцож, хэрэгцээг тодорхойлох, улмаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталсан билээ.


Энэхүү журмын хэрэгжилтийг хангах, цаашид тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлийн хохирол, хэрэгцээг тодорхойлох зорилгоор “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд салхи шуурга, үер, ган зуд, ой, хээрийн түймрийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж байна.

Төслийн багаас дээрх боловсруулсан арга аргачлалыг танилцуулж, турших хүрээнд Ховд аймагт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нээж оролцогчдод хандан гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж учирсан хохирлыг тооцох нэгдсэн нэг арга аргачлалтай болсноор гамшигт өртсөн хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт учирсан шууд бодит хохирол, хэрэгцээг үнэлж, яаралтай хүмүүнлэгийн тусламж, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны үндэс суурь нь болохыг онцоллоо.

Хэлэлцүүлэгт Ховд, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газрын нийт 30 гаруй албан хаагчид танхимаар оролцсон бөгөөд цахимаар 21 аймаг, нийслэлийн холбогдох төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

​Хэлэлцүүлгээр байгалийн гамшигт үзэгдлийн хохирол үнэлгээг тооцох программыг ашиглан цагийн байдал дээр хохирлын үнэлгээг хийж, харилцан туршлага судалснаараа онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top