Олон улсын иргэний хамгаалалтын Ерөнхий ассамблейн 25 дугаар хуралдаан болов

image_6487327-2.jpg

Олон улсын иргэний хамгаалалтын Ерөнхий ассамблейн 25 дугаар хуралдаан 2022 оны 11-р сарын 24-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хуралдааны эхэнд Олон улсын иргэний хамгаалалтын Ерөнхий ассамблейн даргаар Тунис Улс 2 жилийн хугацаатай сонгогдов.

Хуралдаанаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас 2021-2022 онуудад гишүүн орнуудын хэрэгжүүлсэн хамтын үйл ажиллагаа, сургалт, семинар, хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулж, 2023-2024 онуудад авч хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаа болон төсөв, санхүүжилтийн талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Олон улсын иргэний хамгаалалтын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орнуудын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, зарим орны гишүүнчлэлийг улираах болон шинээр сонгох талаар гишүүн орнуудын саналыг хүлээн авсанаар Гүйцэтгэх зөвлөл нийт 14 улстай болов. Хуралдаанаар  мөн 11 улсыг улираах болон шинээр сонгох талаар хэлэлцсэн юм.

Олон улсын иргэний хамгаалалтын Ерөнхий ассамблейн хуралдаан 2 жилд тутам нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгуулллагад 1992 онд ажиглагч гишүүнээр элсэн орж, улмаар 2002 онд албан ёсны гишүүн орноор элсэж, өнөөг хүртэл гамшгаас хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тус хуралдааны үеэр Элчин сайд Ш.Одонбаатар АНЭУ-ын Иргэний хамгаалалтын байгууллагын удирдлагатай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжуудын талаар санал солилцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top