Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгуудад цас орж, Говь-Алтай аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи  нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. -10…-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд  төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, 29-нд говь, талын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан баг, Гурвансайхан хорооллын 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Г /57 настай, эмэгтэй/ өртөж түлэгдсэн байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Жем мол худалдааны төв гал гарч байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 06:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг чиход тус худалдааны төвийн 2 дугаар давхарт иргэн А-ийн дэлгүүрт эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top