“Бэлэн бай”дэвжээ тэмцээний шилдгүүд тодорлоо

318510554_522467319919802_7972268241862357859_n.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, ардын дуу, бүжгийн Сэлэнгийн долгио чуулга, Улаан загалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Бэлэн бай” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сурагчдад эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнд Сүхбаатар, Шаамар, Ерөө, Орхон, Жавхлант, Хүдэр сум, Бугант, Дулаанхаан тосгоны 11 сургуулийн 11 багийн 88 сурагч оролцсон юм.

Сурагчид мэндчилгээ, асуулт, хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн, багуудын илтгэл гэсэн төрлөөр гамшгаас хамгаалах мэдлэгээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Нийлбэр дүнгээр Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит ерөнхий боловсролын I сургуулийн “Үүрэгтэн” баг тэргүүлж, Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн “Супер аврагчид” баг дэд байр, Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн “Залуу Ерөө” баг гутгаар байр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Аврагч Мазаалай”, ерөнхий боловсролын III сургуулийн “Элит 3” багууд тусгай байрт тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд гамшгаас урьдчилан сэргийлэх асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулж, 5 сурагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top