Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар зохион байгуулагдаж байгаа “Бидний бахархал” төслийн арга хэмжээ Төв аймгийн Батсүмбэр суманд үргэлжилж байна.
Онцгой байдлын ерөнхий газар, “Монгол хурандаа” нийгэмлэг, Төв аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагчид, ард иргэд хамрагдлаа.
Тус арга хэмжээнд Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, “Монгол хурандаа” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Д.Баярхүү, Л.Ганбаатар, Ж.Нямдаваа, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат эмч, бэлтгэл хурандаа Л.Жамбалжав, “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүн, бэлтгэл хурандаа Ж.Энхбаяр, С.Цэвээнлхазал, Ц.Ганхуяг нар тусгаар тогтнол, эх оронч үзлийн талаар лекц, яриа таниулга хийж, сургалт, сурталчилгааны бэсрэг урлагийн тоглолт үзүүлсэн юм.
Уг төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.