Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 10, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн “Сангараг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд  зүгт 320 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 12.08-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэдийг очиход иргэн Р-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд 5 ханатай гэр, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, үүдний амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын  баг Сургуулийн гудамжинд нүхэн жорлон, хашаа шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 4 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийсллэийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо /Баянзүрхийн гүүрний дэргэд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 9×16 метрийн хэмжээтэй 3 давхар амины орон сууцны 3×4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо эмнэлгийн бохир устгалын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х20 метрийн хэмжээтэй 1 давхар барилга бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 01:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, 4×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Бага-Ар гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Ө-51°02’24.0”, У-99°57’36.0”/ 12.08-ны өдрийн 07:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 08:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км/-т ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин гүүр /5 м өндөр/-ний хашлага мөргөж доош унаж жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн. /Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас барсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top