Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчилан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулагдаж Онцгой байдлын ерөнхий газрын баг түрүүллээ. Харин хоёрдугаар байрыг Давтан сургалт, сэргээн засалтын төв эзэлсэн бол гуравдугаар байрт Багануур, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг шалгарлаа.