Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр -17-22 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -4-9 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, -12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-ны өдөр нутгийн зарим газраар, 21, 22-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -22-27 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26-31 градус, өдөртөө -17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -2-7 градус, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Залуус” хороолол байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Жигжидийн зуслан”-ийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж  унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Мөсөнд цөмөрсөн: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн “Өөш” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.18-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас “Өөш“ гэдэг газрын чиглэлд зорчиж явсан тус малчин Ч-ын “Портер” загварын ачааны автомашин “Тэс” голын мөсөнд цөмөрч /жолооч 1, зорчигч 4/ суусан байсныг 1 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top