Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, -10…-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Гашуун сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 113 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:10 цахгт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Ханваан-J07” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.   

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай” /Туул голын бетон гүүрний хажууд/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:06 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Цахлай”-н 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 07:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын  6×8 метрийн хэмжээтэй байшин, 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалч”-дын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн “Задгай” байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэрийн шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Саппоро худалдааны төвийн урд талд/  автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн эзэмшлийн “Юниверс” загварын автобус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Задгай” гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг  очиход иргэн Д-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 15 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат  багийн “Цагаан дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн  зүгт 15 км-т/ суудлын автомашин онхолдож автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиход Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож жолооч Б /28 настай, эрэгтэй/ бүхээгт хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.  

Цас шаварт суусан: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны “Өндөр дэл” гэдэг газар /дүүргээс хойд зүгт 18 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд 3 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Б-ын “Марк-2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15:48 цагт татан гаргасан.    

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн  “Мэргэн Таньюкийн” хөшөө гэдэг газар / сумын төваас баруун зүгт 31 км-т, Налайх дүүргээс зүүн зүгт 16 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.17-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан.  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход төв аймгийн Эрдэнэ сумаас Налайх дүүргийн чиглэлд 4 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Д-ийн “Марк-2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20:30 цагт цаснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top