1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эхээр -18…-23 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. -15…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг дулааны станцын 3 дугаар зуух шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын 3 дугаар зуухны уутад шүүлтүүр шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3×6 метрийн хэмжээтэй граж тус тус шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8×10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Булган аймгийн Булган сумын Хужирт баг, 3 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2/Б хэсгийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 11×12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал баг, “Зүүн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ Малчин Т, “Портер” загварын автомашинтай 12.20-ны өдрийн 12:00 цагийн орчим малаа оторлож яваад сураггүй болсон тухай мэдээллийг 21:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Т /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас 22:40 цаг хүртэл зохион байгуулж, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т Хангал багийн “Жунцай” гэдэг газар малчин Э-ийн хаваржаанд малаа хотлуулсан байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай баг, “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/-т Нүүрс тээвэрлэж явсан 2 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Хар тарвагатай” уурхайгаас Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан иргэн Э /45 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “ЗИЛ 130” загварын /3 зорчигчтой/ ачааны автомашин, А/42 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “FAW CA3256” загварын /3 зорчигчтой/ ачааны автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР