АНУ, Канадын 250 сая иргэн “тэсрэлттэй цасан шуурга”-д нэрвэгджээ

vzsnlg_bomb_cyclone_1_x974.jpg

Маш хүчтэй цасан шуурга энэ долоо хоногийн сүүлээр Умард Америк тивийн зүүн хэсгийг дайран өнгөрч байна.

Техасаас Квебек хүртэл 3,200 гаруй километр урт зурвасаар үргэлжилж буй байгалийн аюултай үзэгдэлд АНУ, Канадын нийт 250 сая орчим иргэн өртжээ.

Шуурга эхэлсэн эхний өдөр болох Пүрэв гарагт 1.5 сая гаруй хүний гэрэл цахилгаан тасалдаж, олон мянган нислэг цуцлагдсан байна.

Агаар мандалд даралт унах үед үүсдэг энэ үзэгдлийг цаг уурчид “тэсрэлттэй циклон” (a bomb cyclone) гэж нэрлэдэг нь 1940-өөд оны үед бий болсон нэр томьёо юм.

зураг

АНУ-ын Монтана мужийн Элк Парк сууринд агаарын температур Цельсийн -45 хэм хүрсэн нь хамгийн их хүйтэрсэн тохиолдол болжээ.

Цасанд дарагдсан Өмнөд Дакотагийн уугуул иргэд түлшээ дуусгасан тул хуучин хувцаснуудаа шатаан дулаацаж буйг гэрчүүд мэдээлсэн байна.

Зөөлөн дулаан уур амьсгалтай Луйзиана, Алабама, Флорида, Жоржиа мужуудад хасах хэм хүртэл хүйтрэхийг эрх баригчид анхааруулжээ.

Баасан гарагийн байдлаар байгалийн аюултай үзэгдэлтэй холбоотой 19 хүн амиа алдаад байна.

Тухайлбал Охайо мужид үзэгдэх орчин муудсанаас 50 автомашин мөргөлдөхөд дөрвөн хүн амиа алджээ. Баасан гарагийн байдлаар 5,900 орчим нислэг цуцлагдаж, 7,000 гаруй нислэг хойшлогдсон нь Зул сарын баяраас өмнө амжиж гэртээ харих гэсэн олон зуун мянган хүнийг саатуулаад байна.

Томоохон хотуудад орон гэргүй хүмүүсийг байрлуулах хоргодох байруудыг нээжээ.

“Тэсрэлттэй циклон” энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байна. Байгалийн ийм үзэгдлийн үеэр цас, бороо ихээр орж, далайн эрэг орчимд үер, хуй салхи үүсдэг.

Энэ бол агаарын даралт 24 цагийн дотор 24 миллибараас (2,400 паскаль) дээш хэмжээгээр унахад үүсдэг үзэгдэл юм.

Эх сурвалж: BBC

scroll to top