Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор -24…-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3…+2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байр хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 84 иргэнийг гаргасан.

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн Булгийн хэсгийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин, гэр, байшин шатсан тухай мэдээллийг 01.10-ны өдрийн 07:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч оор ахлуулсан иргэд иргэн Э-ын “Мусо” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр, 6х8 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 3 цаг ажиллаж 08:10 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-д автомашины сэлбэгийн дэлгүүр, агуулах шатсан тухай мэдээллийг 01.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчид Цагаан хад суурьшлын бүсийн иргэд иргэн А-ын 20х10 метрийн хэмжээтэй автомашины сэлбэгийн дэлгүүр, 8х10 метрийн хэмжээтэй агуулах тус тус шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж 12:40 цагт бүрэн унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Алтанжолоогийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 м хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 189 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км/-т 8 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-ийн “УАЗ-220692” загварын автомашин 8 зорчигчтой /1 хүүхэд, 7 том хүн/ цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргасан.

Голын мөс цөмөрч суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн  “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Пикап” загварын суудлын автомашин /1 зорчигтой/ Завхан голын мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top