Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт  цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с, -21…-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд Хөвсгөлийн уулсаар, 15-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 16,17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи 15,16-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -12…-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цолмонгийн-Ам”-ны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 11х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 15х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 1 цаг 22 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн 461-ийн гарам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 27 км-т, Налайх дүүргээс зүүн урд зүгт 22 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 30×16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай” /Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиж 5 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т, Багануур дүүргээс зүүн урд зүгт 40 км-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд 5 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн М-ын “Бонго-3” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 18:40 цагт татан гаргасан. Буцах замдаа Нугаар багийн “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Оргил багийн “Мэргэн Тоньюкийн хөшөө” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн урд зүгт 17 км-т, Төв аймгийн Эрдэнэ сумаас баруун зүгт 46 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан БНСУ-ын харьяат иргэн М-ийн “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18:56 цагт татан гаргасан. 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн ”Шаазан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг  01.12-ны өдийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг 30 км зам туулан очиход Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянтүмэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Бонго” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 20:30 цагт татан гаргасан.  

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагаан-Уул” гэдэг газар /дүүргээс урд зүгт 21 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 20:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн 1 дүгээр хороонны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнөр” амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Э-ийн “Лексус RX-330” загварын суудлын автомашин цасанд сусан байсныг 21:50 цагт татан гаргасан.    

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 145 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ суудлын автомашмашин цасанд суусан тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Цогт сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын “Приус-11” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 03:30 цагт татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны “Хуцаагийн-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 7 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.12-ны өдрийн 23.25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 ангийн алба хаагчдыг очиход “Хуцаагийн-Ам” гэдэг газраас Багануур дүүргийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер-200” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 00:34 цагт татан гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top