Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 2-7 м/с, -16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд хүнсний дэлгүүрийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн 7х14 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороонд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 00:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход цоожтой  4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд, Хогийн цэгт хог  шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонТөв аймгийн Зуунмод сумын Номт багийн “Задгай” /сумын төвд/ Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан иргэн М-нь 01.16-ны өдрийн 10:00 цагийн орчим эмнэлгээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 24 дүгээр ангийн алба хаагчид очиход тус аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн харьяат иргэн М /38 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад тухайн иргэн гэртээ эсэн мэнд ирсэн тухай ар гэрээс нь мэдээлсэн тул 22:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км-т/ Өсвөр насны 5 хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 03:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар байрны Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top