Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Алтайн өвөр говиор -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -28…-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -21…-26 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын гал түймэр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд дулааны шугамын худагт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:55 цагт очиход дулааны шугамын худагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:32 цагт очиход иргэн Э-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /33 настай, эрэгтэй/ 2 гарын бугуйн хэсэг зүсэгдсэн байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.8 км замыг туулан 19:15 цагт очиход иргэн М-ийн хашаанд хураалттай 4.5 тн өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Их булан” багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулж 19:46 цагт очиход иргэн Б-гийн хашаанд хураалттай 9 тн өвс шатаж байсныг 1 цаг 2 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн М-ийн 8х14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Жаргалант сумын Намтолгой багийн “Далайхайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 155 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т малчин Б нь 01.18-ны өдрийн 09:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн хүмүүс малчин Б /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 01.18-ны өдрийн 20:19 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км зайтай “Их дөт” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан багийн “Урт хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т малчин Г нь Хужирт сумаас тус сумын “Урт хөндлөн” гэдэг газар руу 19:30 цагийн үед морьтойгоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагчид, ар гэрийнхэн малчин Г /55 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 01.18-ны өдрийн 23:15 цагаас эхлэн зохион байгуулах явцад тухайн иргэн 01.19-ний өдрийн 00:25 цагт гэртээ эсэн мэнд ирсэн гэсэн мэдээллийг авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/-т иргэн М нь 01.18-ны өдрийн 17:00 цагийн орчим адуугаа тууж гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 02:10 цагт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /18 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 01.19-ний өдрийн 05:10 цагаас эхлэн зохион байгуулах явцад тухайн иргэн 01.19-ний өдрийн 07:15 цагт тус сумын Наран багийн айлд хоносон гэсэн мэдээллийг авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн “Улаан давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 10 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 20:00 цагт очиход Хужирт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ж-гийн “Исузу бигхорн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Талын хайрхан багийн “Бөхөг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс  баруун зүгт 25 км/-т суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:32 цагт очиход тус аймгийн Сэргэлэн сумын Талын хайрхан багийн Нарны дэлгэц гэдэг газраас Зуунмод сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын “Тоёото Акуа” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/, иргэн М /29 настай, эмэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашинууд тус тус цасанд суусан байсныг 44 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т суудлын автомашин 6 зорчигчтой /3 том хүн, 3 хүүхэд/-ы явах эд анги эвдэрсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 23:43 цагт очиход Говь-Алтай аймгийн Алтай сумаас Цээл сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н /42 настай эрэгтэй /-ийн эзэмшлийн “Прадо-95” загварын суудлын автомашины явах эд анги эвдэрч явах боломжгүй болсон тул автомашиныг үлдээж 4 том хүн, 3 хүүхдийг тээвэрлэж хүргэж ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top