Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Хэнтий, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30-35 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25-30 градус, Алтайн өвөр говь орчмоор -10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14-19 градус, бусад нутгаар -19-24 градус хүйтэн байна.

Улаанбаатархотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн хойноос 4-9 м/с, өдөртөө -25-27 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-ны өдөр Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -46-51 градус, өдөртөө -31-36 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40-45 градус, өдөртөө -26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -14-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -22-27 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Ардчилсан намын байр цахилгаан халаагуур шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 07:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн  алба хаагчдыг очиход тус аймаг дахь Ардчилсан намын 3 давхар байрны 1 дүгээр давхарт цахилгаан халаагуур шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 3 дугаар давхарт байсан 12 хүнийг аюулгүй газарт гаргасан.       

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Өлзийт” хорооллын 6 дугаар гудамжинд 01.21-ний өдрийн 13:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Иргэн Б-ийн 4х6, 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатсаныг тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Булган аймгийн Булган сумын Булган багийн Хужиртолгой хэсгийн задгай шинээр баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход 15х45 метрийн хэмжээтэй үйлчилгээний төвийн зориулалтай шинээр баригдаж байгаа барилгын зүүн хойд талын хананы дулаалга шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х20 метрийн  хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.         

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн  Ажилчины 11 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Галын гол багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд 01.21-ний өдрийн 22:00 цагийн орчим хүнсний дэлгүүр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Иргэн О 6х8 метрийн хэмжээтэй зургаан нэрийн хүнсний дэлгүүр, 2х10 метрийн хэмжээтэй амбар шатсаныг сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 01:45 цагт  унтраасан тухай мэдээллийг Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн “Худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 33 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 13 дугаар гудамжинд байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 04:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5х20 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т 01.20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 01.21-ний өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй Г /12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газар /гэрээс баруун урд зүгт 50 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Мөсөнд цөмөрсөн: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Халуун усны адаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ Хужирт сумаас тус сумын “Сайрт” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Тоёота прoбокс” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top