Хойд мөсөн далайд явагдаж буй дулаарал нь агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн (CO2) хэмжээг бууруулж болохыг ОХУ-ын Хойд туйл ба Антарктидын судалгааны хүрээлэнгийн (AARI) эрдэмтэд гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран тогтоожээ.
“AARI”-ийн эрдэмтэд шинжлэх ухааны судалгааны олон улсын багийн бүрэлдэхүүнд багтаж Хойд мөсөн далайн уур амьсгалын өөрчлөлтөд хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан байна.
Хойд мөсөн далайн мөсний талбай багасаж, далайн бичил замаг нэмэгдэхийн хэрээр агаар мандал дахь нүүрстөрөгчийг илүү идэвхтэй шингээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Олон улсын эрдэмтдийн хамтарсан баг тэнгисүүдийн эрэг хавийн гүехэн усан дах биогенийн бодисуудын хэмжээний өөрчлөлт болон тэнгисүүдийн холилдсон усыг 10 шахам жил шинжилж, мөн эдгээр үйл явц нь бүс нутгийн цаг уурын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Ингэхэд Хойд мөсөн далайн мөсний талбайн хэмжээ зуны улиралд эрс багассан нь бичил замгийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн болохыг судалгааны үр дүн харуулсан байна. Тус бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт нь усны тэжээллэг бодисуудын агууламжийг нэмэгдүүлж байгаа аж.
Эрдэмтэд судалгааныхаа үеэр удахгүй Арктикт агаар мандал дахь CO2-ын хэмжээг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтийг хийж болох мэдээллүүдийг цуглуулж чаджээ. Учир нь нүүрстөрөгчөөр хооллодог бичил замгийн тоо нэмэгдэхийн хэрээр органик нүүрстөрөгчийн шингээлт нэмэгддэг ажээ.
Хойд мөсөн далай дах тэжээллэг бодисууд хэр эрчтэй нэмэгдэж байгааг нэг мөр ойлгохын тулд ажиглалт, судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна.
Энэ багийн хийсэн судалгааг Америкийн геофизикийн холбооноос 1974 оноос хойш эрхлэн гаргаж байгаа “Geophysical Research Letters” сэтгүүлд нийтэлжээ.