Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1…-6 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр, 03-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн Хурх тосгоны “Жавхлан” гэдэг газар 8 айлын ажилчдын байшин 01.29-ний өдрийн 10:00 цагт шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг очиход ажилчдын 8 айлын 20х60 метрийн хэмжээтэй Г хэлбэрийн байшин шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж 14:30 цагт унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байр 2 дугаар орцноос утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын-Ус багийн “Хамар давааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 181 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т 01.28-ны өдрийн 23:00 цагийн үед өвөлжөө шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан иргэд иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй өвөлжөө, 4 тн /200 боодол/ өвс шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж 01.29-ний өдрийн 01:30 цагт унтраасан.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн Цагаанчулуут хорооллын 3 дугаар гудамжинд 01.29-ний өдрийн 07:10 цагийн үед иргэн А-гийн байшин шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 07:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн А-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллаж 08:33 цагт унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 5 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ын “Ниссан Пробокс” суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Мөс цөмөрч суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суусан жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приусс-20” загварын суудлын автомашин /4 том хүн, 1 хүүхэд/ “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top