Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 2-7 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3…+2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна. 

  Улаанбаатар хотод:   Их төлөв цэлмэг, салхи баруунаас 2-7 м/с, -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2 дугаар сарын 01-нд Халх голын хөндийгөөр цас орно. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 1-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11 дүгээр байр 1 дүгээр орцонд цоожтой айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 05:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн орон сууцанд эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны  “Дээд салхит”-ын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 07:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Королла” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн “Задгай” автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 09:07 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Ланд круйзер-80” загварын суудлын автомашин шатаж байсныг  20  минут ажиллаж унтраасан.   

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 8 дугаар  гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар алба хаагчдыг очиход иргэн Б-ын 20 тонын төмөр чингэлэгт хайрцагтай ариун цэврийн цаас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн “Овоот”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөө шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 82 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х3 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top