Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордох гэж байгаа та бүхэн хүлээн авагач улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн эргэн ирэхийг та бүхэндээ хүсэж байна” гэлээ.
Мөн Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж байгаа та бүхэнд баярлалаа. Нэг ч хүний амь аврахгүй байсан ч гэсэн хүнд бэрх цагт монголчууд та бүхний гаргасан энэхүү халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэсэн юм.
Эрэн хайх, аврах бүлгийн багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж байна.
ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид үүрэг гүйцэтгэх юм.
Мөн тус багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.