Б.Баяртогтох: Хийх ажил, хайрлах гэр бүлтэй байхад бусад нь цагийн аясаар өөрөө бий болдог

322507143_614373747156065_4219290836207878118_n.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баяртогтохыг “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ярилцлаа. Тал нутгийн хүний онцлог гэмээр тайван амгалан зан төртэй ч ажил, мэргэжилдээ аль хэдийн “багш” болчихсон. Тэрбээр хүсэл, мөрөөдлөө биелүүлж, хүний амь аврах их үйлсэд нэгдсэн учраас шантрах эрх байдаггүй хэмээн тэрбээр хуучилсан юм.

-Өөртэй чинь хөөрөлдөж эхлэхэд Хүсэл байгаа цагт хүрэх оргил нь тодордог гэдэг үг хамгийн түрүүнд санаанд бууж байна?

Хүүхэд байхын л цэргийн хүн болох мөрөөдлөөр жигүүрлэсэн. Аав маань цэрэгт явсан тухайгаа ярина. Аавынхаа цэрэг хувцастай зургийг хараад ийм л хүн болно гэж бодол болно. Авга ах М.Содномжамц хурандаа цолтой хүн байлаа. Эргэн тойронд минь цэргийн хүн байсан учраас маш их нөлөөлсөн. 2008 онд анх жолоочоор томилогдсноос хойш 15 дахь жилдээ усчин аврагчаар үүрэг гүйцэтгэж байна.

-Мөрөөдлөө биелүүлэх нэг өөр. Түүнийг усалж, ургуулахад хүнээс олон чадвар шаардах ажил шүү?

      Анх Төгрөг сумын Майнтын уурхайн хиймэл нуурт автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагаар ажиллаж байлаа. Өвлийн улиралд хийсэн анхны ч шумбалт байсан. Зориулалтын усны хувцасгүй, багаж хэрэгсэл дутмаг байсан үе.  Тухайн үед хурандаа С.Пүрэвсамдангийн /одоогийн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга/ удирдлагад ажиллаж байлаа.  Дарга маань өөрөө аврах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн хүн учраас мэдэхгүй, чадахгүй зүйл гарсан ч даргын зааврын дагуу ажиллаж, амжилттай татан гаргаж, эзэнд нь автомашиныг хүлээлгэн өгсөн. Хүүхэд байхын  усанд сэлэх дуртай, устай газар таарвал  шууд л ордог хүүхэд байлаа. Багын сонирхол, дэггүй зан маань усчин аврагч болгоход нөлөөлсөн. Усчин аврагчийн анхан, дунд шатны сургалтуудад хамрагдаж,  Хөвсгөл нуурт 30 метрийн гүнд шумбалт хийсэн. Онцгой байдлын алба миний хүсэл мөрөөдөл, дуртай зүйлийг минь хийх боломжийг олгосон. Энэ албатай хувь заяагаа холбож, үеийн олон залуустайгаа мөр зэрэгцэн зүтгэж яваадаа талархаж, бурхнаас өгсөн хишгийг хүртэж явна л гэж боддог.

-Тийм шүү. Ийм л гэгээн бодлоос ажиллах урам зоригийг авч, урагшлах зам нь дардан байдаг байх?

   Дуудлага бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой. Түүнийг дагаад өөр, өөр мэдрэмжийг авдаг. Аврах ажиллагааны арга барил нь тухайн дуудлагаас хамаарч мэргэжлийн ур чадвар шаардана. Автомашин татан гаргах, усанд осолдсон хүнийг аврах, алга болсон хүнийг эрж хайх гээд тус бүрдээ багийн ажиллагаа шүү дээ. Би ганцаараа очоод бүх зүйлийг хийж чадахгүй.  Хамт олонтойгоо 15 жилийн хугацаанд 528 удаагийн дуудлагаар ажиллаж, 243 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өвлийн улиралд зам даваа хаагдсан, цасанд суусан, төөрсөн, зуны улиралд усны дуудлагаар зонхилон үүрэг гүйцэтгэдэг.

– Онцгой алба хаагч байх хамгийн том шалгуурыг юу гэж боддог вэ?

 Хүсэл сонирхол, сэтгэлзүйн бэлтгэлтэй байхад бүгдийг даваад гарна. Онцгой байдлын албыг сонгоод орж ирж байгаа залуу алба хаагчдадаа хандаж хэлэхэд боломжгүй мэт санагдаж байсан ч даваад гарахад шагнал, сургамж, гаргалгаа үргэлж байдаг. Уул үзэж хормой шуух, ус үзээгүй гутал тайлах гэдэг үгийг үргэлж санаж явах хэрэгтэй гэж боддог.

-Та бас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Ямар мэдрэмжтэй үлдсэн бэ?

  Бүгд найрамдах Өмнөд судан улсад 2014-2015 онд Цэргийн багийн IV ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан. Олон Улсын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс, Говь-Алтай аймгаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байдаг. Үүргээ гүйцэтгээд ар гэрийнхэнтэйгээ уулзах л хамгийн сайхан байсан. Монгол улс шиг сайхан газар байхгүйг мэдэрсэн. Мөн тийм нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг харах үнэхээр эмзэглэмээр. Хийх ажил, хайрлах гэр бүлтэй байхад бусад нь цагийн аясаар өөрөө  бий болдог юм байна.

Хайрладаг, хамгаалдаг гэр бүлийнхний дэмжлэгээр ажлаа тайван хийх нөхцөл бүрддэг. Алба хаагчдынхаа хань, үр хүүхдэд л хамгийн их баярлалаа гэж хэлмээр санагдаад байдаг юм?

Тийм шүү. Аврагч хүн хэзээ, хаашаа ч явж магадгүй. Хэзээ ирэх нь тодорхойгүй, цаг наргүй ажилладаг учраас ар талыг минь баттай хамгаалж явдаг ханьдаа баярладаг. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Миний ханийг Ш.Лхамсүрэн гэдэг. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн их эмч хийдэг. Мөн ганц дүү маань цэргийн хүн. Аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгчөөр ажилладаг. Гэр бүлээрээ хүн ардынхаа сайн, сайхны төлөө тангараг өргөсөн учраас бие биенийгээ маш сайн дэмжинэ, ойлгоно бас хурцална.

-Онцгой байдлын албанд Баяртогтох нэртэй хоёр алба хаагч байдаг. Хоёулаа усчин аврагч. Та бараг л гадарлаж байгаа байх. Нэг нь та. Нөгөө нь аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтох. Сонин тохиолдол шүү?

  Тийм байна. Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд нэг салаанд хамт үүрэг гүйцэтгэж байсан.  Мөн 2017 онд төв бассейнд, 2019 онд Хөвсгөл нуурт хамтдаа шумбалт хийж байлаа. Одоо ч холбоотой байдаг. Албаны маань сайхан нь энэ шүү дээ. Нэр нэгтийн чих нэг гэж 2018 онд Үйлчилгээний гавьяат цол хүртэхэд нь өөрөө авчихсан юм шиг тийм их баяр бахдал төрж байлаа. 

-Ажлынхаа хажуугаар амжуулдаг сонирхол гэвэл?

Албаны найз, нөхөдтэйгөө хамтраад гурав дахь жилдээ морь уяж байна. Хишиг хонгор хязаалан үрээ маань Дэлгэр сумын наадамд наймт хурдалсан. Удахгүй аймаг, бүсэд айраг,түрүү авах байх гэж найдаж байгаа.

 -Таны яриа болгосноос л гэгээлэг бүхнийг мэдэрлээ. Бүх зүйл энгийн байх тусмаа л сайхан гэж… Цаашдынх нь бүх зүйлд амжилтын дээдийг хүсэн ерөөе?

 Баярлалаа. Хамтран үүрэг гүйцэтгэдэг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын нийт хамт олондоо дахин талархлаа илэрхийлье. Хамт олон маань намайг сургасан, хүмүүжүүлсэн. Та бүхэндээ эрүүл энх, энэ орчлонгийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ”

scroll to top