Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумуудад ажиллаж байна. Өнөөдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт, малчны хотонд ажиллалаа.
Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга бөгөөд Тосгоны зохирагч Ж.Март хэллээ.
Оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 орчим бог, 20 гаруй үхэртэй өвөлжиж буй аж. Багануур дүүргийн нутагт зуншлага сайн байсан ч намраас хойш өнөөдрийг хүртэл 16 удаагийн цаснаар 40 орчим см цасан бүрхүүл тогтож, дагтаршсанаас цагаан зудтай, өдөртөө -40 градус хүрч хүйтэрч байгааг М.Лхагвадаш хэллээ. Тэднийх Багануур дүүргийн төвд хувиараа аж ахуй эрхэлж байгаад таван жилийн өмнөөс мал маллаж эхэлсэн гэнэ. Бага хүүхэд нь энэ жил их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байгаа бол том охин нь Багануур дүүрэгт, нөхөр хүүхдийн хамт амьдардаг учраас хүн бүл цөөн, тусалж дэмнэх хүн бүл цөөн гэдгээ учирлалаа.
Харин Хэрлэнбаян-Улаан багт өвөлжиж эхэлснээр цас бага учраас мал хөлөөр бэлчээрлэх боломжтой, дулаахан учраас мал муудах нь бага, хүн бүлгүйдэхгүй байгаагаа тэрбээр хэлж байв гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.