Шинэ Зеланд улсад Габриэль хар салхины улмаас өнөө өглөө /2023.02.14/ онц байдал зарлажээ. Энэ нь тус улсын түүхэн дэх гурав дахь удаагийн хар салхины сэрэмжлүүлэг болж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Киран Маканулти өнөө өглөө онц байдал зарласан тунхагт гарын үсэг зурлаа. Онц байдалд Нортланд, Окланд, Тайравхити, Бэй оф Пленти, Вайкато, Хокс Бэй зэрэг бүс нутаг хамрагдана. Үүнтэй холбоотойгоор олон улсын 509 нислэгийг цуцалжээ.
Хар салхины улмаас бүс нутагт 38 мянган байшин цахилгаангүй болжээ. Окланд дахь нурах аюулд ороод байсан 30 метр өндөр цамхагийн ойр тойрны хүмүүсийг нүүлгэн шилжүүлэв. Түүнчлэн хотод олон арван нүүлгэн шилжүүлэх төвүүдийг байгуулаад байна.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Киран Маканулти энэ хар салхийг урьд өмнө хэзээ ч байгаагүй цаг агаарын үзэгдэл гэж тодорхойлов. Тиймээс өчигдөр тус улсын ерөнхий сайд Крис Хипкинс 7.3 сая ам.долларын тусламжийн багц зарлажээ.
Окланд болон түүний ойр орчмын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо, үерийн улмаас дөрвөн хүн амиа алдсан. Баруун эргийн Муривай сууринд хөрсний гулгалтын улмаас онцгой байдлын нэг алба хаагч сураггүй болж, өөр нэг нь хүнд бэртээд байна. Нөхцөл байдал хэтэрхий аюултай байсан тул хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Арлын хойд хэсэгт мөн их хэмжээний үер бууж, цаг агаарын улам сэрэмжлүүлэг зарлаад байна.