Турк улсын хоёр мужаас бусад хэсэгт аврах ажиллагааг зогсоолоо

s96lf5_turkey_earthquake_x974.jpg

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн ихэнх бүс нутагт аврах ажиллагааг зогсоож байгаагаа Туркийн эрх баригчид Ням гарагт мэдэгджээ.

Тодруулбал энэ удаагийн гамшигт хамгийн хүнд нэрвэгдсэн хоёр мужаас бусад хэсэгт ажиллагааг зогсоосон байна.

“Манай улсын ихэнх мужид аврах, эрэн хайх ажиллагааг зогсоож байна. Зөвхөн Кахраманмараш, Хатай мужуудад үргэлжилнэ” гэж Туркийн гамшигтай тэмцэх агентлагийн тэргүүн Юнус Сезер өчигдөр Анкарад болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Хамгийн сүүлд Бямба гарагт нэг гэр бүлийн гурван хүн Хатай муж дахь барилгын нуранги дороос аврагдсан юм. Эцэг, эх, 12 настай хүү гурав аврагдсан ч хүү нь сүүлд амиа алджээ.

Ням гарагийн байдлаар Турк улсад амиа алдсан хүний тоо 40,689 хүрсэн байна.

Үүний талаас илүү нь буюу 21,000 орчим нь Хатай мужид бүртгэгджээ. Хатай мужийн төв Антакя хотын бүх байшин барилгын 80 хувь нурсан буюу нураах шаардлагатай болсныг орон нутгийн албаныхан мэдэгдсэн юм.

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай тус улс даяар нийт 105,000 барилга нурсан буюу нураах шаардлагатай болсон тухай Бямба гарагт мэдээлж байв.

Сүүлийн 24 цаг орчим хугацаанд нурангиас амьд хүн гараагүй тул найдлага тасарсан гэж үзэж байна.

Эх сурвалж: AFP

scroll to top