Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 3-8 м/с, тал, хээрийн нутгаар 10-12 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 3-8 м/с. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Хэнтийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17…-22 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо баг, “Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 145 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т Малчин Б-ын 5 ханатай гэр, 02.28-ны өдрийн 10:31 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байсан.Тус гал түймэрт иргэн Б /43 настай, эрэгтэй/ түлэгдсэн байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай баг, Нарангийн 1 дүгээр хэсэг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийсллэийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х7 метрийн хэмжээтэй гражийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг баг, Их-Өлийн даваа гэдэг газар  /аймгийн төвөөс урд зүгт 28 км, сумын төвөөс урд зүгт 18 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Орхон аймгаас Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэдэг газрын чиглэлд Орхон аймгийн харьяат М /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан Приус 20 загварын суудлын автомашин 3 зорчигчтой цасанд суусан байсныг 21:10 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top