1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0…-5 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 3-8 м/с, +8…+10 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд Хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Хулд сумын Шувуут багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн чиглэлд нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс, мөн иргэн О-ын “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 5 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Хабитат”-ын Задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 10:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12 гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Задгай” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн “Ланд круйзер-100” загварын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 6 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос “Ээж хад”-ны чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын “Делика” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15:11 цагт татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Очирваань” гэдэг газар /Багахангай дүүргээс баруун зүгт 35 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргээс “Ээж хад”-ны чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Э-ын “Приус-10” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 23:20 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР