Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байна.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутагт 2016 оны 03-р сарын 04-ний өдөр болсон хүчтэй салхи, шуурганы үеэр цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсныг холбогдох мэргэжлийн байгууллага засварласнаар одоогийн байдлаар хэвийн горимд ажиллаж байна. Түүнчлэн автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулж, хот хоорондын 446 зорчигчтой 26 автомашиныг төв суурин газар хоноглуулж, иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалах ажлыг зохион байгуулсан.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төв, орон нутгийн Цагдаагийн байгууллагын нийт 329 хүн, 62 автомашинтай ажиллав.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР