ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Сүүлийн жилүүдэд гал унтраах автомашин, техникийг нэлээд сайн шинэчилсэн. Одоо техникийн хувьд санаа зовохооргүй болж байна уу?
– Гал унтраах ангиудын стандарт гэж байдаг. Түнийг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газраас улсын стандарт болгон баталсан. Тэр стандартаар гал унтраах ангиудыг 1-4 дүгээр зэрэглэлд хуваадаг юм. Зэрэглэлийн ангиллаар хэдэн хүн, хэчнээн машин байх нь тодорхой болдог. Манай улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас тус стандартын шаардлагын дагуу ажиллаж чадахгүй байна. Гэхдээ бид Засгийн газраас баталсан төсөв хөрөнгийн дагуу Аврах, гал унтраах ангиудын үйл ажиллагааг алдагдуулалгүй, бие бүрэлдэхүүн, машин техникээ дутуу ч гэсэн ажиллуулж байна. Сүүлийн жилүүдэд гал унтраах ангиудыг шинэ техник хэрэгслээр хангаж байгаа. Нийслэлд гарч буй гал түймрийн байдлыг Засгийн газарт танилцуулсан. Ингэснээр Японы Засгийн газартай хамтран, хоёр удаа төсөл хэрэгжүүллээ. Уг буцалтгүй тусламжийн төслөөр манай улс 2003 онд тусгай зориулалтын 17, 2013 онд 22 автомашинтай болсон. Тэдгээрийг нийслэл дэх Аврах, гал унтраах ангиудад хуваарилсан бөгөөд техникийн алдаа гараагүй. Харин 2005 онд оруулж ирсэн, 13 жил ажилласан машинууд эвдэрч саатах болсон. Тиймээс бид дахин Японы Засгийн газарт хандсан. Энэ ондоо багтаад уг төсөл хэрэгжвэл тэрбум орчим төгрөгийн сэлбэг хэрэгсэлтэй болох юм.
– Манай улс дангаараа бүх автомашин, техник хэрэгслээ хангана гэвэл хүндрэлтэй. Ер нь нэг автомашин ойролцоогоор ямар үнэтэй байдаг вэ?
– Гал унтраах тусгай зориулалтын машиныг ямар улсаас худалдаж авч буйгаас шалтгаалан үнэ нь өөр байдаг. Манай улс евро стандарт буюу ОХУ-ынхыг баримталдаг. Үндсэн албаны гал унтраах зориулалттай автомашиныг Оросоос худалдан авахад 300 орчим сая сая төгрөг, Японых 450 гаруй сая төгрөг байх жишээтэй.
– Хоёр жилийн өмнө “Шангри Ла”-д гарсан галыг ушраахад онцгойгийнхны автомеханик шат хүрэхгүй байсан болохоор асаж дуустал нь харж зогссон гэсэн яриа бий. Манай улсад хэрэглэж байгаа шат хэдэн метр урт вэ?
-“Шангри Ла”-гийн галыг шатаж дуустал нь харж зогссон гэдэг худлаа. Гадна фасад дээр гал гарсан. Олон улсын жишигт өндөр барилга байгууламжид гарсан галыг унтраахын тулд автомеханик шат ашигласан жишээ байхгүй. Ер нь өндөр хөгжилтэй улсууд голчлон 30, хамгийн уртдаа 51 метр шат хэрэглэж байна. Ийм урттай шат байлаа ч 20-иод давхар барилгад хүрэхгүй, 14-15 давхарт гараад л зогсоно.
-Тэгвэл яаж унтраах вэ?
-Өндөр барилгыг анх барихдаа гал унтраах автомат тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Саяхан батлагдсан стандартаар 12-оос дээш давхар барилгад гал унтраах автомат систем байрлуулах шаардлага тавигдсан. Үүнээс гадна барилга байгууламжид гал унтраах зориулалтын дотор усан хангамж буюу гидрат тавьж байгаа.
– Манай барилга байгууламж галын аюулгүй байдал хэр хангасан байдаг вэ?
– Галын аюулгүй байдлыг хангах нь тухайн барилгын эздийн өөрийнх нь үүрэг. Захиалагч компаниуд гал унтраах автомат систем суурилуулахад өртөг өндөртэй гээд эайлсхийх тохиолдол гардаг. Харин одоо стандартыг мөрдөж эхэлж байгаа учраас энэ бүхэн өөрчлөгдөх байх.
– Машин, техник хэрэгсэл сайжирсан ч гал түймэр шуурхай унтраахад нөлөөлдөг хүчин зүйл олон. Тухайлбал, замын түгжрэлээс болоод цаг алддаг. Аврагчдыг цаг алдахгүй зорьсон газартаа очдог болгохын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
– Манай аврагчид замын түгжрэлээс болж цаг алддаг нь үнэн. Бусад хөгжингүй орон авто замынхаа нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн байдаг. Ялангуяа шуурхай албаны тэрэгнүүдийг тусгай дуут дохиогоо ажиллуулан, дуудлага аваад явж буй тохиолдолд жолооч нар зам чөлөөлж өгөх үүрэгтэй. Шинэ батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулиар үүнийг тодорхой зааж өгсөн.
– Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн найруулж баталсан. Хуулийн гол зорилго юу байв?
– 1999 онд Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. 17 жилийн өмнөх, одоогийн Улаанбаатар өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өмнөх хууль үндсэндээ байгууллагын шинж чанартай байсан юм. Тухайлбал, гал түймэртэй тэмцэх алба хаагчид ийм хувцас өмсөнө, төдөн хүнтэй байна гэх жишээтэй. Үүнийг процессын буюу үйл ажиллагааны хууль болгон өөрчилсөн. Шинэ баталсан хуулиар галын аюулгүй байддыг хангах, гал унтраах чиглэлээр олон заалт оруулсан.
– Гал унтраах үйл ажиллагаанд оролцох иргэд, сайн дурынхны талаар шинэчилсэн хуульд тусгасан байсан.
– Тийм ээ. Байгууллага, аж ахуйн нэгжүүд гал унтраах сайн дурын ангитай байхаар оруулсан. Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн байгууллагууд явуулах эрхийг нь нээж өгсөн.
– Хаврын түймэр хаяанд ирлээ. Урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулиараа БОНХАЖЯ хариуцдаг. Гэхдээ манайх хариуцдаггүй гээд зүгээр суугаагүй. ОБЕГ-т Урьдчилан сэргийлэх газар байгуулан ажиллаж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж байгаа.
– Энэ хавар хаагуур түймэр гарах эрсдэл өндөр байна вэ?
– Хуурайшлын зэргээр нь аль аймаг, суманд түймэр гарах эрсдэлтэйг тогтоодог. Жил жилийн судалгаанаас харахад хамгийн эхэлж түймэр гарах магадлалтай нь зүүн гурван Төв, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ. Тиймээс эдгээр аймагт урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхлүүлдэг. Цастай байхад дээгүүр нь түймэр гардаг юм. Өвсөнд гал алдах л юм бол 70-80 см өндөр ургасан өнжмөл өвсний цаснаас цухуйсан хэсэг шатдаг.
– Орон нутагт ой, хээрийн түймэр унтраах техник хэрэгсэл хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Техник хэрэгслээр нэлээд сайн хангагдсан. 2014 онд улсын төсвөөр гал унтраах үндсэн болон туслах албаны буюу ус тээвэрлэх машин тус бүр дөрвийг худалдан авсан. Эдгээр машиныг орон нутагт хүргүүлсэн. 2015 оныг онцгой байдлын албанд их үр өгөөжтэй жил болсон гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тус албанд тусгайлан 20 тэрбум төгрөг шийдвэрлэж өгсөн. Төсвийн мөнгөөр гал унтраах зориулалтын 37 автомашин худалдан авсны 25- ыг нь нийслэл болон орон нутгийн ангиудад хуваарилаад байна. Үүнээс гадна Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван сая еврогийн төсөл хэрэгжүүлж, 16 автомашин авсан. Одоо Аврах, гал унтраах ангиудад нийт 28 автомашин хуваарилна. Парк шинэчлэх ажил ойролцоогоор 60-70 хувьтай явж байна.
– Ойн түймрийн үед аврагчид усаа үүрээд алхдаг. Үүнийг өөрчлөх арга бий юү?
– Ойн болон хээрийн түймрийн онцлог, унтраах арга барил нь өөр. Ойд түймэр гарсан үед хөвч тайга дунд машин явах боломжгүй. Зарим хөвчид машин бүү хэл морь мал ч хүрч чаддаггүй. Манай албан хаагчид үүргэвч, цохиур, үлээгч зэрэг багажаа үүрээд 30 40 км газар алхаж хүрдэг. Хээрийн түймэрт машинтай явж болдог ч салхины эрчээр тархаад дийлддэггүй. Өвс өндөр ургадаг аймгуудад түймэр гарахад өөдөөс нь гал тавьж үлээлгэн цуравдаж унтраадаг. Гэвч салхины чигээс шалтгаалан цурмаа алдах аюултай. Хээрийн түймэр заримдаа 100-150 км талбай хамардаг. Ийм хол газар ус шүршээд явна гэж байхгүй. Тиймээс БНХАУ-аас усны багтаамж ихтэй техник хэрэгсэл тусламжаар авахаар төсөл бичсэн. Үүнийг нааштай хүлээн авч, “2016 онд шийдвэрлэж өгнө” гэсэн. Мөн армид ашиглаж байсан байлдааны зориулалттай машиныг өөрчлөн, хээрийн түймэр унтраахад ашиглахаар Дорнод, Сүхбаатар аймагт хүргүүлсэн. Энэ хаврын түймэрт хэрэглэж үзнэ.
– Гал түймэрт их хэмжээний ус хэрэглэдэг учраас саарал ус ашиглаж болох уу?
– Гал сөнөөгчид өөрийгөө шатаачихгүйн тулд өөр рүүгээ ус цацдаг учраас саарал ус эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх үү, хээрийн түймэрт хэрэглэлээ гэхэд эргээд өвс ургамал ургах уу. Энэ бүхнийг манай эрдэмтэд судлаад эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэвэл бидэнд цааргалах зүйл байхгүй. Гэхдээ хөөс үүсгэдэг бодис цэвэр устай холилдож байж л хөөсөрдөг.
– Улаан гал дунд ажиллаж гал сөнөөгчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хэрхэн анхаарч ажилладаг вэ?
– Гал түймэр гэлтгүй өөр гамшиг осол дээр ажиллахад амиа алдахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс албан хаагчдыг амь насны даатгалд жил бүр хамруулдаг. Дорнодын Баян-Уул суманд гарсан түймрийг унтрааж яваад манай дөрвөн албан хаагч амиа алдсан. Тиймээс АНУ-д хэрэглэж байгаа ой, хээрийн түймрээс хамгаалах, галд тэсвэртэй нөмрөгийг зүүн гурван аймгийн албан хаагч бүрт өгсөн. Түймэр унтраах үлээгч аппарат маш их дуу чимээтэй. Тиймээс нэг нэгнийхээ яриаг сонсохгүй, “Түймэр ирлээ” гэхэд ч дуулахгүй. Хэзээ ч амиа алдаж болзошгүй нөхцөлд ажилладаг албан хаагчдаа бид “Энх цагийн баатрууд” гэдэг юм.
Эх сурвалж: Өнөөдөр сонин