Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Монгол- Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байр зоорийн давхарт гал гарч байна гэсэн тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 16 дугаар байрны зоорийн давхарт хог шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэжүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 23 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т 03.18-ны өдрийн 21:00 цагийн орчим иргэн И-ын 6 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 03.19-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд ажилласан.

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн задгайд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/-т 03.19-ний өдрийн 04:00 цагийн орчим үхрийн ферм шатсан тухай мэдээллийг 03.19-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид иргэн А-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй үхрийн ферм шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаагийн 36 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 11х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 6 м орчим хашаа шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 66 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top