Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн нутгаар шороогоор шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с,  зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15-17 м/с  хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч  -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн баг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /аймгийн төвөөс баруун урд зүгт 195 км, ангийн байрлалаас баруун хойд зүгт 35 км/-т  Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус төвийн хашаанд 0.25 га өнжмөл шар өвс хураалттай мод шатаж байсныг 56 минут ажиллан унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн 3 дугаар буудал автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн  02:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход NJL6106BEV загварын ажилчдын автобусны яндан шатаж байсныг 2 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Дандийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т Иргэн О-ийн суудлын автомашин 03.20-ны өдрийн 05:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Иргэн О-ийн “УАЗ-374195-05”загварын суудлын автомашин бүрэн шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залуучуудын хороо 20 дугаар гудамжинд халуун усны газраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ын 12х14 метрийн хэмжээтэй Халуун усны газар болон гражийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 01:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус эмнэлгийн хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан баг, “Хамрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Иргэн  Х, Б нар малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сумын Хамрын даваа гэдэг газраас Шургадгийн сай гэдэг газрын чиглэлд малаа тууж яваад сураггүй болсон иргэн Х /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т “Мөстийн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Малчин Б, 03.20-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн  өгсөн.

Дундговь аймгийн Луус сумын Буянт баг, ‘”Улаан толгойн говь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/-т Малчин О, 03.20-ны өдрийн 16:30 цагийн орчим суудлын автомашинаар адуундаа яваад төөрсөн тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын суудлын автомашинтай төөрсөн иргэн О/45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км-ийн тойрогт зохион байгуулж ажиллахад  03:10 цагт гэртээ ирсэн гэж ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цас шаварт суусан: Увс аймгийн Давст сумын Торхилог баг, Хатуугийн-Уул гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус сумаас Торхилог багийн  “Хатуугийн-Уул” гэдэг газрын чиглэлд иргэн М /30 настай эрэгтэй/-ийн жолоодож явсан /Пропокс/ загварын суудлын автомашин 4 зорчигчтой цасанд суусан байсныг 23:35 цагт татан гаргасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг, “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Халиун сумаас Есөнбулаг сумын чиглэлд иргэн У /37 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хариер” загварын суудлын автомашин 5 зорчигчтой цасанд суусан байсныг 01:10 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top