Увс аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүний гамшгийн үеийн голомтод үүрэг гүйцэтгэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж хувцасны болон биед байх бичиг баримт, хээрийн үүргэвчинд үзлэг зохион байгууллаа.
Мөн харуул ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа салаа ээлжийг “Түгшүүрийн дохио”-оор шалгаж хүн нэг бүрийн хөдөлмөр хамгааллын хувцсанд үзлэг хийн, бэлтгэл ээлжийн алба хаагчдын утасны бэлэн байдлыг тодотгосон юм.
Энэ үеэр Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдад цагийн байдал өгч “Хяргас” нууранд усны гүний шумбалтын дадлага сургуулийг хоёр үе шаттайгаар хийлээ. Алба хаагчид 15-25 м-ийн гүнд шумбалт хийж, багаар ажиллах, харилцан ойлголцох, усны гүнээс ачаа гаргах дадлага хийх зэргээр бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүллээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.