Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилж, ахмад настнууд, өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст сүүлд вакцин хийлгэснээсээ хойш 6-12 сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөжээ.
Дэлхий даяар халдвар өргөн тархаж, дархлаажуулалтын аян өрнүүлсний дүнд хүн амын дунд дархлааны түвшин өндөр байгааг харгалзан вакцинжуулалтын талаарх зөвлөмжийг шинэчилсэн байна. Ингэхдээ “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулахад гол анхаарлаа хандуулахыг зорилгоо болгожээ.
“Энэхүү зөвлөмж нь хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулахын ач холбогдлыг дахин тодотгон харуулж байна” гэж уг зөвлөмжийг гаргасан ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлгийн дарга Ханна Ногинек хэлсэн байна.
ДЭМБ өндөр эрсдэлтэй хүн ам гэсэн ангилалд эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг оруулсан бөгөөд нас, дархлааны тогтолцоо зэрэг хүчин зүйлээс хамааран хамгийн сүүлийн тунг тариулснаасаа хойш зургаа юм уу 12 сарын дараа нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөсөн байна.
Харин 60 хүртэлх насны эрүүл саруул насанд хүрсэн хүмүүс болон хавсарсан өвчтэй хүүхэд, өсвөр насныханд гурав дахь тунгаас илүү нэмэлт тун тариулахыг зөвлөөгүй байна. Мөн эрүүл саруул хүүхдүүд, өсвөр насныханд заавал вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ. Гэхдээ бүх насныханд нэмэлт тун хийлгэхэд аюулгүй гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: montsame.mn