Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Баянхонгор 16-18 м/сек, Говьсүмбэр, Дорноговь аймагт 14-16 м/сек, Өмнөговь аймагт 20-24 м/сек шороогоор шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон  цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +8…+13 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. -1…-3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. 

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн баг, 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:26  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21  дүгээр хорооллын автозамын зорчих хэсэг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Г /43 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг баг, “Угтах хаалга гэдэг газрын авто замын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Королла Фиелдер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж  байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатсан. 

Увс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 29 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 04.09-ний өдрийн 02:20 цагт очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.     

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 65 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газрын ажилтнууд “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд гал түймрийг унтраахаар ажиллаж 04.09-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 48 дугаар байр орон сууцны барилгын цонхоор 1 хүн унасан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /45 настай, эрэгтэй/ барилгын 2 давхрын өргөтгөл дээр унасан байсныг дамнуурга ашиглан буулгаж, нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Усжуулах гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/-т автомашин эвдэрч, явах боломжгүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 04:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаангом сумаас Баруунтуруун сумын чиглэлд иргэн Г /36 настай, эрэгтэй /-ын жолоодож явсан “Грэис” загварын /13 зорчигчтой/ хүн тээврийн  автомашин эвдэрч явах боломжгүй болсон тул зорчигчдийг тээвэрлэн Баруунтуруун суманд хүргэсэн.

5.Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг, Жаал-Уул хорооллын 2 дугаар гудамжинд 04.09-ний өдрийн 14:40 цагийн орчим 18-20 м/с шороон шуурга шуурсаны улмаас байшингийн дээвэр хууларч, гэр нурсан тухай дуудлагыг 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн О-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, иргэн О-ийн 5 ханатай гэр нурсан байсныг зөөвөрлөн аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top