Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Орхон аймгуудад цас орсон. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай,Увс аймгуудад 13-28 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 22:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны шатны хонгилд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 4 иргэнийг гаргасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 14 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Саруул тэнгэр-2” хотхон цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 84 м2 хэмжээтэй цайны газрын 12 м2 хэмжээтэй гал тогооны өрөөний хоол бэлтгэх тоног төхөөрөмж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Уяачдын хотхоны Хөшгийн үзүүр 7 дугаар хэсгийн задгайд /аймгийн төвөөс зүүн зүгт 14 км, сумын төв/-д хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангйн алба хаагчдыг очиход иргэн П-ын  хашаанд 30 тн /1200 боодол/ өвс шатаж байсныг 3 цаг 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, үйлчилгээний хороо, 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг агаарын агралтай аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи шуурга: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8 дугаар гудамжны 3 тоот, бичигт багийн 1 дүгээр гудамжинд 04.16-ны өдрийн 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 байшингийн дээвэр хууларч, 2 гэр нурсан тухай мэдээллийг 04.16-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд 04.16-ны өдрийн 18:00 цагийн орчим 18-20 м/с шороон шуурга шуурсаны улмаас 1 байшингийн дээвэр хууларч, 5 ханатай гэр дээр унасан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр салхинд хууларч, 1003 тоотод оршин суугч иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээр дээврийн төмөр унаж нурсан байсныг 40 минут ажиллаж буулган холдуулж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top