Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээндээ хүрэв

732804-810x500-1.jpg

Дэлхийн цэргийн зардал өнгөрсөн онд 2.24 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ юм. Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр дэлхийн цэргийн зардал найм дахь жилдээ тасралтгүй өсч байна. Тэр дундаа Европт 13 хувиар өссөн нь сүүлийн 30 жил тохиогоогүй үзүүлэлт юм. Энэ нь мэдээж Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр Европт цэргийн зардал огцом өссөнтэй холбоотой.

“Дэлхийн цэргийн зардал сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн нь бид улам л аюулгүй ертөнцөд амьдарч байгаагийн баталгаа юм. Улс орнууд ойрын ирээдүйд аюулгүй байдлын орчин сайжрахгүй гэж таамаглаж буй тул цэргийн хүчээ бэхжүүлсээр байна” гэж Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Нан Тиан хэллээ.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзэлсний дараа зүүн блокийн хэд хэдэн улс цэргийн зардлаа хоёр дахин нэмэгдүүлсэн аж. Улмаар ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Украинд довтолсон. Энэ нь хөршүүд болон нэгэн цагт Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад нэгийг бодогдуулсан юм. Финланд л гэхэд цэргийн зардлаа 36 хувиар нэмэгдүүлжээ. ОХУ-тай 1340 км хиллэдэг тус улс нь энэ сард НАТО-ийн гишүүн орон болсон билээ. Харин Литва улс цэргийн зардлаа 27 хувиар нэмэгдүүлсэн байна.

Дайны хөлд нэрвэгдээд буй Украины хувьд 2022 онд цэргийн зардал нь зургаа дахин өсч, 44 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь Украины хувьд Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнд тэмдэгдлэгдсэн хамгийн өндөр тоо юм. Харин ОХУ-ын цэргийн зардал өнгөрсөн онд 9.2 хувиар өсч, 86.4 тэрбум ам.доллар болсон.

Цэргийн зардал нь 2022 онд хамгийн өндөр гарсан орон бол АНУ. Тодруулбал, АНУ цэргийн зардлаа 0.7 хувиар өсгөж, 877 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь дэлхийн нийт цэргийн зардлын 39 хувийг эзэлсэн гэсэн үг юм. Мэдээж энэ нь урьд өмнө байгаагүй хэмжээгээр Украинд цэргийн тусламж үзүүлсэнтэй холботой. АНУ-аас Украинд өнгөрсөн онд 19.9 тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлжээ. Тэгвэл Хятад улс 292 тэрбум ам.доллар буюу нийт зардлаараа хоёрдугаарт оржээ.

Япон улсын цэргийн зардал 2022 онд 46 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нь Японы хувьд 1960 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Япон, Хятад улсууд нь бүс нутагтаа цэргийн зардлаараа тэргүүлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

scroll to top