Уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлтүүд тасралтгүй эвдэгдэж байгааг анхаарууллаа

64435cbf1ceff.png

Өнгөрсөн онд далайн түвшин эрс нэмэгдэж, мөсөн голууд хурдацтай хайлж, температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдснийг НҮБ-ын цаг уурын агентлаг (WMO) шинэ тайландаа анхаарууллаа.

Дэлхийн цаг уурын байгууллага Эх дэлхийн өдрийг тохиолдуулан “Дэлхийн уур амьсгалын төлөв байдал 2022” тайлангаа нийтэлжээ.

Тайланд дурдсанаар, дэлхийн далайн түвшин 1993 оноос хойш хоёр дахин хурдтай нэмэгдэж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Сүүлийн 20 жилд далайн түвшин хоёр дахин нэмэгдсэн байна. 20 жилийн өмнө далайн түвшин жилд 2.3 мм-ээр нэмэгддэг байсан бол одоо жилд 4.6 мм-ээр нэмэгдэж байгаа аж. Гренланд болон Антарктидын томоохон мөсөн голууд хайлж байна. Тэдгээрийн дундаж зузаан 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд 1.3 метрээр багасжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн дунджаас хамаагүй их үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд мөн далай тэнгисийн дулааны хэмжээ шинэ дээд түвшинд хүрсэн байна. Дэлхийн агаар мандлын илүүдэл дулааны 90 гаруй хувийг далай тэнгис өөртөө шингээдэг учир далайн температур уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлт болдог.

Дэлхийн агаарын температур өнгөрсөн онд 1850-1900 оны дундаж түвшнээс 1.15 хэмээр илүү дулаан байсан байна.

Өнгөрсөн онд Швед, Их Британи, Ирланд, Герман зэрэг хэд хэдэн улсад, мөн Европ даяар температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдсэн билээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн дээд үзүүлэлтүүд тасралтгүй эвдэгдэж байгаагаас гадна 2021 онд хүлэмжийн гурван гол хий болох нүүрстөрөгчийн давхар исил, метан хий, азотын ислийн агууламж дээд үзүүлэлтэд хүрсэн гэж тайланд дурджээ. 

scroll to top