Э.Санчир: Бүтээл бол хүний дотоод ертөнц

viber_image_2023-04-05_17-10-06-991.jpg

     “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчирыг урилаа.  Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ахлах ахлагч Э.Санчир нь гал унтраах автомашин цуглуулахаас гадна барималаар гар урлал хийдэг хоббитой юм.  

-Тэрбээр 2011 оноос хойш 12 дахь жилдээ галын автомашин цуглуулж байна. Эхнэр нь анх хоёр галын автомашин худалдаж авч өгснөөр цуглуулгаа эхлүүлэх сэдлийг өгчээ. Албаны онцлог, ажил, мэргэжлийнх нь үндэс болдог галын автомашинуудаа төрөл төрлөөр нь цуглуулж, гэрээ “чимж”, үр хүүхдэдээ үлгэрлэдэг.  Найзууд нь түүний цуглуулгыг хараад аргагүй л “Онцгой” хүн шүү хэмээн хэлэхэд нь бахархдаг гэлээ.

-Том, жижиг, төрөл, хэлбэрээс хамаараад 40 орчим автомашины цуглуулгатай. “Kaidiwee” автомеханик шатны автомашин хамгийн содон нь. Ингэж тодотгох шалтгаан нь одоогоор ийм төрлийн загвартай машиныг тэрбээр энд тэнд харж байгаагүй гэнэ.

– Эхнэр нь “Maxmall” худалдааны төвд дэлгүүр хэсэж явахдаа бэлэн хувцасны тасагт үзүүлэн болгоод тавьсан “Maxim C1” загварын машиныг худалдагчаас нь гуйж авч өгсөн дурсамж хамгийн нандин гэнэ. Тухайн үед дэлгүүрийн худалдагч гайхаж байснаа үнэхээр цуглуулдаг бол авсан үнээр нь ав даа хэмээн өгч байж. Энэхүү “Maxim C1” загварын машин 1923 оны хамгийн эртний автомашинуудын нэг юм.

2021 оны 12 сард Монголын урчууд эвлэлийн хорооны барималч Б.Сэргэлэн гэдэг хүнд ахлах ахлагч П.Даваахүүгийн хамтаар очиж шавь орсноор барималын шавраар бүтээл урлах эхлэл тавигджээ. Анх Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн дурсгалын зүйлийг хийхэд тусалж байсан бол одоо өөрийн сонирхлоор төрөл бүрийн амьтан, хүний хөрөг барималыг хийдэг болсон байна.

-Баримлын шавраар албаны сэдэвтэй, бэлэгдэл, бэлэг дурсгалын бүтээл  түлхүү “урладаг”. Бүтээл бүрээсээ суралцаж, “чамин” болгох талаас нь байнгын сайжруулалт хийдэг. Заримдаа санасандаа хүрэхгүй бүтэлгүйтэх үе хүртэл гардаг гэнэ. Гэхдээ баримлын шавраар бүтээл хийх нь илүү сонирхолтой.Нөгөө талаас сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөллийг үзүүлж,  стресс тайлдаг. Бүтээлээ хийж дуусаад харах мөч хамгийн сайхан. Бүтээл бол хүний дотоод ертөнц гэж тодорхойлж болох юм хэмээн тэрбээр хуучилсан юм.

-Баримлаар бүтээл хийхэд харьцаа, хэмжээ, гэрэл, сүүдэр хамгийн чухал. Цаг хугацаа их шаардана. Нарийн чимхлүүр ажил ихтэй.  Зориулалтын хатуу баримлын шаврыг уран зургийн дэлгүүрээс худалдан авч ашигладаг. Хийц, хэмжээнээс хамаараад нэг бүтээл дунджаар 30-350 мянган төгрөгийн үнэтэй.

-Онцгой байдлын газар, анги байгууллагынхаа засвар тохижилтын бүхий л ажилд хамт олноо манлайлан оролцдог. Тухайлбал, 2021, 2022 онд Онцгой байдлын газрын гадна фасад, өрөө, тасалгаа, “Мазаалай” танхим, “Аюулгүй өрх сургалтын өрөө”, бялдаржуулах танхим гээд бүхий л ажилд гар бие оролцсон. Мөн 2022 онд тус аймагт зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний  техник хэрэгслийн шинэчлэх ажлуудыг хийжээ.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top