1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.
Харин Монгол Улсын хувьд 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэж байсан бол энэ жил “Антибитокийг цэснээсээ хасья” уриан дор нэгдээд байгаа юм.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болжээ.
Уг үйл ажиллагаанд дор нэр дурдсан байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.
Иймд иргэд та бүхэн өргөнөөр оролцож төрийн байгууллагуудын зүгээс хүссэн мэдээ мэдээллээ авахыг урьж байна.
Өдөрлөгт оролцох байгууллагууд:
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- Ус сувгийн удирдах газар
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Эрүүл мэнд, спортын яам
- Хүнс, хөдөө аж ахуйн яам
- Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам
- Гааль татварын ерөнхий газар
- ОСНААУГ
- Номин сүлжээ дэлгүүр
- Миний мүлжээ дэлгүүр
- Оргил сүлжээ дэлгүүр
- Сансар сүлжээ дэлгүүр
- Мобиком
- Скайтел
- Юнител
- Жи-мобайл зэрэг