Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтан ЗХЖШ-аас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортын үр нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг нөхөрсөг уулзалт, тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын удирлах бүрэлдэхүүн билльярд, гар бөмбөг, буудлагын тэмцээнд оролцож хурд, хүчээ сорилоо.
Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын баг билльярдын тэмцээнд дөрөв, гар бөмбөгийн тэмцээнд гурав, буудлагын тэмцээнд зургадугаар байрыг тус тус эзлэв. Харин ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл буудлагын тэмцээнд хувийн дүнгээр гуравдугаар байр эзэлснээр багийн дүнгээр ОБЕГ-ын удирдлагын баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Нөхөрсөг уулзалт тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газраас нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.