Суданы арми, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд өнгөрсөн сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш нэг сая гаруй хүн дотооддоо дүрвээд байна гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/ лхагва гарагт мэдээлжээ.
НҮБ-ын агентлаг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аюулгүй нөхцөлөөр хангаж, эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг бүх талд уриалсан байна.
“Сүүлийн 40 хүрэхгүй хоногийн хугацаанд нэг сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Олон хүн дүрвэхийн хэрээр хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна” гэж тус байгууллага мэдээлжээ.
ОУШХБ-ын мэдээллээр, зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 1 361 308 хүн дүрвээд байгаагийн 1 042 114 нь дотооддоо, 319 194 нь хөрш орнууд руу дүрвэсэн байна.
Суданы эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15-наас хойш 863 энгийн иргэн амиа алдаж, 3531 хүн шархаджээ.
Эх сурвалж:montsame.mn