Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 2017-2019 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламжийг байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.
Тус төслийн III шат эхэлсэнтэй холбогдуулан Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд айлчлалын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээ, айлчлалын үр дүнг хэлэлцсэн юм.
Шинжээчдийн баг сургагч багш бэлтгэх сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж, Стратегийн команд штабын дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан “Ослын үеийн тогтолцоо” сэдэвт штабын дадлага сургуультай танилцлаа.
“Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургагч багш нарыг бэлдэх, Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Ингэснээр Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадвар, удирдлага, хангалт үйлчилгээ, сургалтын бааз, багаж хэрэгсэл, зохион байгуулалт сайжирч, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд багтай болоход чухал нөлөө үзүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.