Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд “Ослын удирдлагын тогтолцоо” сургалтыг ЭМЯ, ДЭМБ болон АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтран зохион байгуулсан нь орон нутгийн түвшинд анхны тохиолдол боллоо.
Аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулж, жигдрэлтийн дадлага сургуулийг хийлээ. Жигдрэлтийн дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, мэргэжлийн 20 анги, ерөнхий зориулалтын 4 анги, тусгай зориулалтын 4 анги, 4 сумын Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд нийт 915 томилгоот бүрэлдэхүүн, 68 автомашин, 4448 багаж, техник дэлгэж оролцлоо. Энэ удаагийн Дархан хотын бэлэн байдлын үзлэг орон нутгийн хэмжээнд хамгийн олон бүрэлдэхүүнтэй болсноор онцлог боллоо.
Хонгор сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн хүрээнд 28 гэр, 7 асар, 7 автобус, зөөврийн 2 вагончигийг хээрийн зориулалтаар бэлтгэн 800 гаруй шилжүүлэн байрлуулж, төрийн бүхий л шатны үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийн хүрээнд 13 майхан, асарт 20 ор дэлгэж, 28 нэр төрлийн 564 эм, эмнэлгийн хэрэгсэлтэйгээр 75 эмч, эмнэлгийн ажилтнууд 17 өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дадлага хийлээ.
Хээрийн мал эмнэлгийг малын удмын сангийн үндэсний төвийг түшиглэн байгуулж, 5 асар, майхан, ариутгал халдваргүйтэлийн нэг машин, 15 хүн , хүч техниктэйгээр ажиллаж, шатаах зуухыг ашиглан өвчилсөн малыг шууд устгах нөхцлийг бүрдүүлж, малын өвчинг тархан дэлгэрэлтийг богино хугацаанд таслан зогсоох үйл ажиллагааг зохион байгууллаа. Гоц халдварт өвчнөөр өвчилсөн малын сэг зэмийг шатааж устгаж аюулгүй болгох үйл ажиллагаа нь мөн анх удаа явагдлаа.
Мөн аймгийн хэмжээнд гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулахад 57 мянга иргэн хамрагдсан нь нийт хүн амын 54 хувийг эзэлж байна.
Штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын нийт 200 орчим удирдах бүрэлдэхүүн “Олсын үеийн удирдлагын тогтолцоо”-оор хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчин, үйлдвэрийн ослын зонхилсон цагийн байдал дээр ажиллаж, болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо.
Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуульд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, хуулийн этгээдийн нийт 154 ажилтан, алба хаагч, 16 техник, хэрэгсэлтэйгээр оролцож, байгууллага хоорондын уялдаа холбоог хангалаа. Тактикийн дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид, нисдэг тэрэгтэйгээр оролцож, аймгийн болоод бүс, улсын хэмжээнд гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагааг харууллаа.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай буюу “Онц” дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.